Амьдрал бол амьдрал хэмээн таних нь хялбар боловч тухайлан тодорхойлоход бэрх.[1] Амьдралын тухай судалдаг ухааныг биологи гэж нэрийдэнэ. Зүйл бүрийн амьтанд амьдрах дундаж хугацаа бий. Бүх амьдрал нарнаас шууд болон шууд бусаар эрчим хүчээ авна. Наргүйгээр амьдрал үргэлжлэхгүй.
Дэлхий дээрх бүх мэдэгдэж буй амьдрал нүүрстөрөгчийн нэгдлүүдийн химийн шинж чанарт суурилдаг. Тухайлбал бүх амьд биес уураг, нуклейн хүчил гэх мэт урт гинжин молекулуудыг агуулдаг. Эсийг хэлбэржүүлэн бүрдүүлэгч эсийн мембраны шинж чанар бүрдэхэд ус, усан орчин онцгой чухал үүрэгтэй. Эдгээр амьдралын тодорхойлолтууд бүх ертөнц дээр байж болох амьдралын хувьд нийтлэг үнэн байх боломжтой бөгөөд манай дэлхий дээрх амьдралын хувьд эдгээр тодорхой шинжүүд нийтлэг байдаг.
Амьд биес нээлттэй тогтолцоо юм. Нээлттэй тогтолцоо гэгдэхийн учир нь амьд биес орчинтойгоо мэдээлэл, хоол тэжээлийн зүйлсийг солилцон, үргэлж өөрчлөгдөж байдаг. Амьд эс бодисын солилцоо явуулж, биеийн дотоод орчноо тодорхой утгад хадгалж, өсөж үржих, сэрэлд хариу урвал үзүүлэх чадвартай байдаг.
Байгалийн шалгарлын дагуу, урт хугацаанд амьдран буй орчиндоо дараачийн үе удмаа амжилттай дасан зохицуулж байдаг. Нарийн нийлмэл бүтэцтэй амьд биес олон янзын хэлбэрээр холбоо тогтоож чаддаг.[1][2] Амьдралын олон хэлбэр дэлхий дээр байх ба тэдгээр амьд биест байх нийтлэг шинж чанар дээр нь үндэслэн ургамал, амьтан, мөөг, эгэл биетэн, архей, нян гэж хувааж үзэх ба эдгээр нь бүгд удамшлын мэдээлэл, нарийн зохион байгуулалт бүхий усанд суурилсан эст бүтэцтэй.
Одоогоор зөвхөн эх дэлхий дээр амьдралын талаар тодорхой мэдээлэл байгаа билээ. Ертөнцийн хаа нэгтээ байж болох амьдралын талаарх асуулт хариултгүй хэвээр байна. Ертөнцийн өөр хэсэгт байх амьдралын талаар олон таамаг, төсөөлөл байх авч батлагдсан нь нэгээхэн ч үгүй. Байж болох хамгийн боломжит баталгаа бол Ангараг дээр амьд нян байж болохыг харуулсан хурдасны баталгаа юм.

No comments:

Post a Comment