Хөлбөмбөгийн багийн хаалгачаас бусад тоглогчид бөмбөгөнд бөмбөгийг гараараа шидэж гарахаас бусад тохиолдолд гараараа хүрэх нь хориотой байдаг. Тоглолтын үед тоглогчид хурдан гүйх, багийнхаа хүнд бөмбөг дамжуулах, хаалга руу цохих зэрэг өөрсдийн ур чадвараа ашиглан эсрэг багийнхаа хаалгачийн хааж буй хаалганд гоол оруулахыг хичээн өрсөлдөнө. Эсрэг багийн тоглогчид нь үүнийг эсэргүүцэн бөмбөгийг өөрсдийн болгохоор хамгаалан тоглоно. Хөлбөмбөгийн тоглолтыг бөмбөг талбайгаас гарах, шүүгч тоглолтыг зогсоох гэсэн 2 тохиолдолд л зогсооно.
Мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтод цөөн тооны гоол ордог. Жишээлбэл 2005-2006 оны Английн хөлбөмбөгийн Премьер лигт нэг тоглолтод дунджаар 2.48 гоол орж байжээ. Хөлбөмбөгийн дүрмээр бол хаалгачаас бусад тоглогчдийн тоглох байрлалыг тогтоогоогүй байдаг боловч мэргэжлийн хөлбөмбөгт өөр өөрийн үүрэг бүхий байрлалд тоглодог хөлбөмбөгчид бий болсон байна. Эдгээрийг гоол оруулах үүрэг бүхий довтлогч, төвийн байрлалд тоглож, хамгаалалт довтолгоонд зэрэг оролцдог төвийн тоглогч, өрсөлдөгчдийнхөө гоол оруулахад саад хийн тоглодог хамгаалагч гэсэн үндсэн 3 төрөлд ангилдаг. Эдгээр ангилалууд нь цаашаа нарийвчлан задарч байрлалаар нь жигүүрийн хамгаалагч, төвийн хамгаалагч, цэвэрлэгч, төвийн тоглогч, жигүүрийн тоглогч, довтлох чиглэлийн төвийн тоглогч, хамгаалах чиглэлийн төвийн тоглогч гэх мэтээр ангилагдана. Эдгээр тоглогчдийн тооны харьцаанаас хамааран янз бүрийн комбинацаар тоглох боломжтой болно. Жишээ нь олон тооны довтлогчтой баг хурдан темптэй довтолсон тоглолт үзүүлдэг (гэхдээ хамгаалалт нь суларч эсрэг багийнхандаа гоол алдах магадлал мөн адил ихсэнэ) бол олон хамгаалагчтай багийн тоглолтын темп удаан эсрэг багийнхандаа гоол хийхэд хүндрэлтэй байдаг. Үүнийг хөлбөмбөгт формац буюу байрлал гэж нэрлэдэг. Энэ формацийг гаргах, тактикийг зохиох нь багийн ерөнхий дасгалжуулагч буюу менежерийн үүрэг юм.

No comments:

Post a Comment