Шартах гэж юу вэ? Архи, шар айраг, виски
гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа
үүсдэг хам шинж буюу синдромыг шарталт гэнэ ээ. Өөрөөр хэлбэл хүний бие
нь орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгүй хямарлаа гэдгээ толгой
өвдөх гэх мэтийн шинж тэмдэгээр хэлж ойлгуулж байгаа хэрэг.
Ерөнхий
Энд бид архины хор уршиг гэх мэтийн
“улиг” болсон зүйлийн талаар ярих гэсэнгүй. Ёс суртахуун, ёс зүй энэ тэр
гэлгүйгээр зүгээр л шарталт болон түүнээс гарах арга замын талаар
сонирхуулж байгаа юм.
Шалтгаан
Харамсалтай нь олон мянган жилийн
түүхтэй ч гэлээ шарталт / шартах гээч нэртэй хам шинж үүсэхийн бодит
шалтгааныг өнөө хүртэл нарийн тогтоож чадаагүй байдаг гэдгийг хэлэх
хэрэгтэй. Мэдэгдэж байгаагаас этилийн спирт хүний биед орж задарсны
дараа үүсдэг ацетальдегидийн үйлчлэл юм. Юу гэдэг бодис юм бэ гэсэн
асуулт гарах нь зүйн хэрэг. Тэгвэл энэ бодисыг бага зэрэг урвалд
оруулахад уксусны хүчил үүсдэг гэхэд хангалттай байх. Үүнээс гадна
согтууруулах ундаанд ордог метанол гэх мэтийн бусад хольц, дархлаа болон
биеийн ерөнхий тогтолцоо г.м. олон зүйл бий.
Шинж тэмдэг
Архи, согтууруулах ундааг ганц удаа ч
болов хэтрүүлэн хэрэглэсэн хүн шарталтын синдром буюу хам шинжийг
хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ дахин хэлэхэд толгой өвдөх, дотор
муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зүрх салагнах,
уцаарлах, нүд улайх, цочих, бөөлжих, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй
болох, сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах, үе мөч бадайрах зэрэг шинж
тэмдэг илэрдэг. Дутуу байвал нэмээрэй.
Эмчилгээ
Шар тайлах гэдэг нь тун ч нарийн, олон
шат дараалалтай зүйл байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай.
Ингээд дэс дарааллаар нь явъя.
Энтеросорбц хийх
Энэ нь бие махбодийг дотроос нь цэвэрлэх
гэсэн утгатай. Дотроос нь цэвэрлэх гэхээр бөөлжих гэсний хэрэггүй.
Хамаагүй их бөөлжвөл ходоодны салст бүрхүүл “салж” Мэллор-Вэйсийн хам
шинж /цусаар бөөлжих/ үүсч болзошгүй. Иймд хамгийн тохиромжтой бөгөөд
зохистой арга нь идэвхжүүлсэн нүүрс уух юм. Эмийн сангуудад
“активированный уголь” гэсэн нэртэй зарагдаж байгаа. Идэвхжүүлсэн нүүрс
нь ацетальдегид, уксусны хүчил, кетоксилотууд, сүүний хүчил, пропилийн
болон изопропилийн спиртийн задарлын бүтээгдэхүүн, фурфурол энэ тэр
гэсэн наян хорт бодисыг ходоод, гэдэсний ханаар дамжуулан өөртөө шингээж
авна. Уух арга нь тун энгийн бөгөөд 1,5 грамм идэвжүүлсэн нүүрсийг аяга
ус /200 грамм/ усанд хутгаад ууна. Өдрийн туршид мөн адил тунгаар ахиад
2 удаа ууна.
Электролитийн тэнцвэрийг сэргээх
“Панагин”, эсвэл “Аспаркам” гэсэн хямд
бөгөөд өргөн тархсан эмийн авч нөөцөл. Эдгээр бэлдмэлүүд нь калий болон
магнийн давсыг агуулж байдаг. Уул шугамандаа энэ хоёр бичил элемент хэр
их дутагдана тэр хэмжээгээр шарталт хүнд байдаг. 4-5 шахмал эмийг нухалж
хагас аяга бүлээн усанд уусгаад уу. Хагас цаг, цаг хагасын дараа дотор
чинь гайгүй болохыг мэдэрнэ. Дараа нь өдрийн туршид ахиад 2 шахмал эм
уу.
Эм уумааргүй байгаа бол калий болон
магнийг ихээр агуулдаг төмс, далайн байцаа зэргийг их хэмжээгээр ид.
Далайн байцаа бол бүр ч сайн. Мөн даршилсан өргөст хэмх /манайхан
“өгөрци” гэдэг/, улаан лооль /манайхан “помьдоор” гэдэг/ сайн. Төмсийг
чанар сайтай кетчуптай холивол зүгээр. Энэ бүх бүтээгдэхүүнүүд нь хүний
биеийн электролитийн найрлагыг бүрдүүлж байдаг бичил элементүүдийг
агуулж байдаг юм.
Хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээх
Спирт нь хүний биед исэлдэхээрээ асар их
хэмжээний органик хүчил болон түүнтэй дүйцэх бодис үүсгэдэг. Эмч нар
ийм үзэгдлийг ацидоз гэдэг. Шинж тэмдэг нь цээж бачуурах, бие сульдах,
толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, шүлс гоожих, хар хөлс гарах г.м.
/зовлонг нь үзсэн хүн цааш нь үргэлжлүүлж болно/
Эмч нар ариутгасан натрийн гидрокарбонат
буюу хүнсний содыг дусал хэлбэрээр судсаар хийх замаар энэ хордлогыг
харьцангуй богино хугацаанд тайлж чадна. Гэхдээ тэр болгон эмнэлэг
ороод, эсвэл гэртээ эмч дуудаад дусал хийлгээд байх “бяр” хүн болгонд
байдаггүй.
Иймд шарталтынхаа байдлаас хамаараад
4-10 грамм хүнсний содыг 1,5 литр орчим усанд уусгаад уучих. Тэртээ
тэргүй шартсан хүний ам нь цангаж байгаа нь ойлгомжтой.
Хэрэв яаж 4 эсвэл 10 граммыг хэмжихээ
мэдэхгүй байгаа бол дэлгүүрээс “Боржоми” гэх мэтийн рашаан аваад ууж
болно. Уухдаа 1,5 литрээс багагүйг уух хэрэгтэй. Ингэснээр шингэний
дутагдлыг ч нөхнө, хүчил шүлтийн тэнцвэрээ ч сэргээнэ.
Регидратаци
Архи уусны дараа аманд элсэн цөл үүссэн
аятай хуурайшихийг регидратаци буюу шингэний дутагдал гэж байгаа юм.
Спирт нь усыг маш ихээр авдаг чанартай болохоор тэр. Үүнээс гадна согтуу
үед диурез эрс нэмэгддэг /хар яриагаар бол морь харахаар ойр ойрхон 00
гүйнэ гэсэн үг/. Мөн амьсгалаар алдагддаг усны хэмжээ эрс нэмэгдэнэ.
Уусан хүн машинд суумагц цонх нь цантдагийн учир нь энэ юм шүү дээ.
Ингээд энэ мэтээр шингэнээ алдсаар
байтал хүний биед 2 литр орчим дутагдал үүсдэг. Яаж нөхөх вэ? Тиймхэн юм
уу гээд суурин дээр нь 2 литр ус уух гэж бүү яар. Нэгд бөөлжүүлнэ.
Хоёрт удаа дараалан бөөлжүүлснээс болж дээр өгүүлж байсан Мэллор-Вэйсийн
хам шинж үүсээд хар яриагаар бол “чад хийж” магадгүй. Тэгээд ч тэр их
хэмжээний усыг ходоод бүгдийг нь шингээж чадахгүй
Иймээс усыг амьдралаар шалгагдсан
загварын дагуу бага багаар ууна. Эхлээд хоёр стакан /400 грамм ус/, 20
минутын дараа 1,5 стакан /350 грамм ус/, ахиад 20 минутын дараа 1 стакан
/200 грамм ус/, ахиад 20 минутын дараа тал стакан /100 грамм ус, ус шүү
өөр зүйл биш / ус ууна. Ингээд цагийн дотор 1 литр ус ууж байгаа нь
усгүйжилтээс гарахад хангалттай.
Деинтоксикац
Энэ нь хордлого тайлах гэсэн утгатай үг.
Усгүйжихийг нөхөх нь элдэв хорыг шээсээр ялгаруулах давхар үүрэгтэй.
Биен дэх усны хэмжээ хэдий их байна тэр хэмжээгээр хортой бодисын
агуулга багасна. Багасч байгаа юм чинь идэвх, үйлчлэл нь ч буурна.
Тэгэхээр цагийн дотор 1 литр ус уугаад
ирэхээр аяндаа юуны ялгаралт нэмэгдэнэ. Ус уухаас өмнө юуны чинь өнгө,
үнэр ямар байсан, уусны дараа ямар байгааг харьцуулахад л ямар их хор
гадагшилж байгааг ойлгоход хангалттай. Гэхдээ шээс хөөлгөх үйлчилгээтэй
эм битгий уугаарай. Яагаад гэвэл эм гэдэг чинь өөрөө хор болохоор
архинаас дутахгүй гаж нөлөө ихтэй. Иймд алирсын навч, хус модны нахиа
гэх мэтийн шээс хөөх нөлөөтэй ургамлын хандыг эмийн сангаас ав.
Витамины дутагдлыг нөхөх
Энд яах ёстой нь ойлгомжтой.
Согтууруулах ундаа уухаар биеэс их хэмжээний витамин, амин дэм огцом
гадагшилдаг. Иймд В-ийн бүлгийн витаминууд, С амин дэмийг уух хэрэгтэй. С
амин дэм буюу аскорбины хүчлийн хэрэгцээ нь уусны маргааш 3-4 дахин
ихэсдэг. Болж өгвөл эмийн сан болгонд зарагдаж байдаг поливитаминуудаас
аваад уух нь зүйтэй.
Тархины гадаргуй дахь мэдрэлийн импульс дамжуулагч бодисын харьцааг сэргээх
Шартсан хүний ам нь хатахаас гадна орчин
тойронд нь нэг л биш юм болоод байна гэсэн түгшүүртэй сэрдэг. Түгшүүр
нь аав, ээж, ах, дүү, эхнэр г.м. хүмүүсийн өмнө буруу зүйл хийжээ гэсэн
харуусал, өөрийгөө буруутгах бодол юм. Энэ харьцааг глицин нэртэй амин
хүчлээр сэргээнэ. Ууг нь глицинийг эмийн сангаас худалдаад авчихаж
болно. Харин байхгүй тун энгийн зүйлээр орлуулж болно. Энэ бол манайхны
“истужин” гээд байдаг царцаамал юм. Гэхдээ царцаамгаа зүгээр нэг
идчихгүй халааж байгаад идэх ёстой
байдаг. Царцаамалд мэдрэлийн глицин ихээр агуулагдаж байдаг.
Уургийн дутагдлыг нөхөх
Согтууруулах ундаа уусны үр дагаварыг
арилгах гэхдээ хүний бие их хэмжээний уураг зарцуулдаг. Түүнийг нөхөх
шаардлагатай. Дээр ярьсан царцаамал идсэнээр уургийн дутагдлаа нөхөж
болно. Үүнээс гадна бүх төрлийн европ бяслаг /манайхан “сийр” гээд
байдаг/, монгол бяслаг, үхрийн мах, гахайн мах, загас, шувуу, хушиг идэн
уургийнхаа дутагдлыг нөхөж болно. Махны хувьд шарсан, утсан бус харин
чанасан, жигнэсэн байвал сайн. Учир нь тэртээ тэргүй хэт их ачаалалтай
ажиллаж байгаа элэг, нойр булчирхайд нэмэж ачаалал өгөх хэрэггүй.
Шар тайлах
Энэ аргыг ер нь хэрэглэхгүй байхыг
зөвлөж байна. Архичин хүн ганцхан удаа ууж бусдад нь дандаа шараа
тайлдаг гэдэг үг зүгээр нэг үүсчихээгүй юм. Шараа тайлах гэж байна гээд
ганц хундага уусны дараа залгуулан уух эрсдэл өндөр. Үнэхээр хөдөлж ч
чадахгүй байгаа тохиолдолд л архи биш, харин ганцхан шил шар айраг, квас
уух замаар өндийх чадвартай болж болох юм. Өндийснийхээ дараа дээр
өгүүлсэн арга хэмжээнүүдийг бүгдийг нь аваарай. Залгуулж ууж хэрхэвч
болохгүй.
Урьдчилан сэргийлэлт
Архи, согтууруулах ундаа огт уухгүй байх
нь шарталтаас сэргийлэх хамгийн төгс арга. Гэхдээ үнэхээр болохгүй
байгаа бол гар таталгүй хамгийн сайн, үнэтэй, цэвэр архи, дарс, шар
айргийг худалдан ав. Мөн ууж байхдаа градус дээшлэх хуулийг дага. Өөрөөр
хэлбэл пиво ууж байгаад болиод архи ууж болохоос биш архи ууж байгаад
пиво ууж болохгүй.
Янз бүрийн ундааг холихоос өөр аргагүй
бол нэг түүхий эдээс гарсан бүтээгдэхүүнүүдийг л хооронд нь холихыг
хичээ. Согтууруулах ундаа нь, нийслэлд ялангуяа усан үзэмний, буудайн
гэсэн хоёр түүхий эдээр л гол төлөв хийгдэж байгаа. Оргилуун дарс
/шампанск/, дарс /вино/, шарз /коньяк/ нь усан үзэм гэсэн түүхий эдийг
ашигладаг. Эднийг хооронд нь холиход маргааш нь шарталт тийм ч аймаар
биш гэсэн үг. Архийг улаан буудайгаар хийдэг болохоор эдний алинтай нь ч
холих хэрэггүй. Бүр болохгүй бол адилхан улаан буудайгаар хийдэг шар
айрагтай хольж болох юм. Виски, брэндийг арвайгаар нэрдэг. Бурбон нь
эрдэнэ шишийнх. Текила, мескаль нь агава нэртэй ургамлынх, ром нь
чихрийн нишингийнх, сакэ, сөжүү нь цагаан будааных гэдгийг нь сайн мэдэж
байгаа биз. Тэгэхээр эднийг бол юутай ч холихгүй байсан нь дээр.
Ухаан харьцангуй саруул байгаа бол унтахаасаа өмнө 1-2 литр орчим буцалгасан ус уу.
Үр дагавар
Архийг хэтрүүлэн хэрэглэсний үр
дагаварын талаар олон зүйл нурших нь илүүц байх. Гэхдээ шарталтыг
абстинент синдромоос гэгчээс ялгаарай. Энэ нь дутагдасны хам шинж гэсэн
утгатай. Өөрөөр хэлбэл үгүйлэх хам шинж гэсэн үг. Шартаагүй байсан ч
уухгүй л бол болохгүй байгаа бол архинд донтсон гэсэн үг. Хэрэв ингээд
байгаа бол “Шар хад”-ны эмнэлэгийг оройтойгүй дээр нь бараадсан дээр.
Эцэст нь хэлэхэд гүн хордлогын байдалд
орсон байгаа бол яаралтай эмч дуудаж, дуудаад ирэхгүй байгаа бол утсаар
лавлаж байгаад хордлого тайлах төвд өөрөө очих, эсвэл хүргэж өгөх арга
хэмжээг нэн даруй авах хэрэгтэй шүү. Анхаараарай.
Дашрамд хэлэхэд цагаан солио гэж
манайхны ярьж сурсан зүйл болон олон хоногоор дараалан архи уусны дараа
шартах үед илэрдэг шинж тэмдэг юм. Иймд олон өдөр дараалан уусны дараа
шартах үед гэнэт хий юм үзэх, далдыг харах, харь гарагийнхан, эсвэл
бурханы элч энэ тэртэй яриад эхэлвэл шууд л 103 руу залгаж сэтгэцийн
түргэн тусламж дуудах хэрэгтэй.